Ирэх онд орон даяар соёл, аялал жуулчлал, спортын 140 арга хэмжээ зохион байгуулна
Монгол улсад ирэх 2026 онд соёл, аялал жуулчлал, спортын чиглэлээр зохион байгуулах хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн арга хэмжээний нэгдсэн цаглаврыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Нэгдсэн цаглаврыг дөрвөн улирлаар нь гаргахдаа нийслэл, 21 аймаг, төрийн байгууллага, мэргэжлийн холбоодын саналыг үндэслэжээ. Цаглаварт зааснаар хамгийн эхний арга хэмжээ нь ирэх нэгдүгээр сарын 13-14-ний өдрүүдэд болох Хэнтий аймгийн аварга шалгаруулах мөсөн шагайн тэмцээн бол хамгийн сүүлийнх нь 12 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд болох Ламын гэгээний улаан тэмээний баяр ажээ. Ийнхүү аймаг, нийслэлийн соёл, спорт, аялал жуулчлалын бүх арга хэмжээг нэгтгэхэд нийт 140 болжээ. Үүнээс 14 нь спортын, 99 нь соёл, аялал жуулчлалын, 27 нь MICE tourism буюу олон улсын хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн аж. Иймд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас дээрх арга хэмжээнүүдийг зохион байгуулах газар, хугацааг тогтооход бодлогоор дэмжиж, сайн зохион байгуулахад хамтарч ажиллахаар боллоо. Мөн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, улирлын хамаарлыг багасгах, худалдаа, үйлчилгээний байгууллагуудтай хамтран үнийн хөнгөлөлт бүхий “Winter sale” буюу “Хямдралын сар” аяныг зохион байгуулах, хил дамнасан, хил орчмын аялал жуулчлалыг цаг алдалгүй нээж, хөгжүүлэх, хил залгаа улсуудын хотуудаас аймаг орон нутаг руу шууд нислэг бий болгох, гадаадын агаарын тээврийн компаниудын захиалгат нислэг үйлдэх хүсэлтийг дэмжих, өвлийн төрөлжсөн арга хэмжээнүүдийг бодлогоор нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцжээ.



ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







